Алдарт хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуур бол хүн төрөлхтөн, сонгодог урлагийн бахархал болж чадсан сод бүтээл билээ. Энэхүү дуурийн нээлт 1887 оны гуравдугаар сарын гурванд Парис хотноо болжээ. Тухайн үедээ тийм ч их нэрд гараагүй юм гэдэг. Харин хожмоо дэлхийн сонгодог дууриудын нэг болсон түүхтэй.
Монголд 1987 оны дөрөвдүгээр сарын таванд тухайн үеийн Сонгодог урлагийн академик театрын тайзнаа найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулгаар үзэгчдийн хүртээл болжээ. Гол дүрийг Ардын жүжигчин Ш.Мөнхшүр бүтээж та бидний мэдэх эрх чөлөөт, дур зоргоороо үзэсгэлэнт цыган бүсгүй Карменыг танилцуулсан юм.
Уг дуурь 1820-иод оны Сивел хотын амьдрал, тухайн үеийн нийгмийн амьдрал, тамхины үйлдвэрийн ажилчин, бухтай тулалдагчдын тухай өгүүлдэг. Тэр дундаа тамхины үйлдвэрийн ажилчин хүүхнүүдийн нэг гоо үзэсгэлэн, эрх чөлөөт, омог бардам цыган бүсгүй Кармены тухай гарна. Цэргийн түрүүч Хозе буюу хожмын чин үнэнч хайр дурлалтайгаа тэрбээр үйлдвэр дээр гарсан танхай явдлаас үүдэн танилцдаг. Хэдийгээр сүйт бүсгүйтэй ч Хозе өөрийн эрхгүй үзэсгэлэнт бүсгүйд сэтгэл алдарна. Гэтэл хилийн хулгайч нар гарч ирснээр хос хоёр хагацан ээдрээт хувь тавилан, гунигт хайрын түүх эхэлдэг. Эцэстээ хувь заяаны эрхээр төөрөлдсөөр уулзахдаа өөр хүнд сэтгэлтэй болсноо Кармен хэлэхэд Хозе итгэж ядна.
Ингээд “Эрх чөлөөтэй төрсөн би эрх чөлөөтэйгээр үхнэ” гэж бэлэглэсэн бөгжийг нь шидэхэд яаж ч гуйгаад нэмэргүйг ойлгосон Хозе уур хилэндээ шатаж хайртай бүсгүйгээ хутгалснаар уг жүжиг өндөрлөдөг. Энэ бол үзэсгэлэнт цыган бүсгүйн богинохон, гашуун дурлалын түүх билээ.
No comments:
Post a Comment