2010-12-24

Эмүжин - Амьдралыг би өөрөөр яаж элээх билээ?

Мандах нар мэт гэгээн амьдрахыг хүснэ
Маргаашийн өдөрт итгэж амьдрахыг хүснэ
Алдаа оноо, шунал хүслээр дүүрэн хорвоог
Амгалан агаад бардамхан туулахыг хүснэ

Хайр болоод хараас нуугдаад хаачих билээ
Харц болоод шуналаас зугатаад яах билээ
Жаргал болоод зовлонг үгүйсгээд яанам билээ
Жарнаар тоологдох амьдралаас уйдах чинь хэзээ билээ

Дэндүү гэгэлгэн сэтгэлээ хуурч би чадаагүй
Дэврүүн гэнэн насаа хазаарлаж би мэдэхгүй
Мөнгөнд бөхийж, өнгөнд шунаагүй
Мөхөл мэт хэцүүг мөрөөдлөөр туулдаг

Ялалт, ялагдлын хооронд ихэмсэг оршиж
Янагнал, ядуурлын дунд эрхэмсэг зорчиж
Учрах, урвах тавиланг ухаанаар гэтэлж
Унах, босохын зуур өөрийгөө олдог

Өндрийн салхи мэт омогшиж, бэлийн чулуу мэт хатуужсан
Өвсний чимээ мэт гуниглан, өвлийн од мэт гялтганасан
Өнчрөл, өвдөлтийн алинд нь ч өвдөг сөхрөөгүй
Өсөрхөл, өөриймслийн өмнө мэхийгээгүй

Асгарах нулимс минь нууцхан урсаж сурсан
Амьдралыг би өөрөөр яаж элээх билээ?

No comments:

Post a Comment