2010-12-22

Зүүдэнд ч төсөөлөмгүй ертөнц

Эхийн хэвлийд 2 ихэр ураг тогтжээ. 

Эхэндээ өөрсдөө ч юу болоод байгааг ухаараагүй л байлаа. Өдөр өнгөрөх тусам тэр хоёрын бие эрхтэн ч хөгжиж эхэлж гэнэ. Ингээд тэдний орчинд юу өрнөөд байгааг ажиглаж эхэлжээ. Амьдралыг тэтгэгч нь юу вэ гэж сонирхож эхэлжээ. Тэгээд хоёулаа судалж үзээд тэднийг ээжтэй нь холбосон урт хүй байгааг олж харжээ. Энэ хүйний ачаар ямар ч зовлонгүй сайхан амьдарч байгаагаа мэдэж гэнэ.

“Бидний ээжийн хайр энэрэл ямар агуу юм бэ! Хүйгээр дамжуулан бидэнд хэрэгтэй бүхнийг минь явуулж байна. “ Өдөр хоног өнгөрөх тусам ихрүүд улам том болж байлаа. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө тухтай сайхан орчныг орхин явах цаг ойртсоор байлаа. Удах тусам эндээс явах дохио улам ихээр мэдэгдэж эхэллээ. Есөн сар хүрэхэд эндээс явах нь бүр тодорхой боллоо. Энэ байдалд сандарч тэвдсэн ихрүүдийн нэг нь нөгөөхөөсөө ингэж асууж гэнэ:
- Энэ чинь одоо юу болоод байна аа? Энэ бүхэн ямар учиртай юм бэ? Нөгөөх нь арай буурь суурьтай, ихийг бодож тунгаадаг байжээ. Тэгээд ч илүү өргөн уудам ертөнцийг зүрх сэтгэлээрээ эрэлхийлдэг байж гэнэ. Тэгээд нөгөө ихэртээ
- Чи бид хоёрын энд амьдрах хугацаа дуусаж байгаа гэсэн үг гэж хариулжээ. Гэтэл анх асуулт асуусан дүү нь 
- Үгүй ээ. Би эндээс явмааргүй байна. Үргэлж эндээ л амьдрахыг хүсэж байна.
- Дүү минь өөр ямар ч арга байхгүй. Магадгүй илүү сайхан амьдрал биднийг хүлээж байгаа ч юм бил үү!
- Бидний амьдралыг тэтгэгч хүй тасарчихаар яаж амьдрах юм бэ. Тэгээд ч эндээс явсан хүүхдүүдээс хэн ч эргэж ирээгүй шүү дээ. Биднийг юу хүлээж байгааг хэн ч хэлж чадахгүй. Үгүй, бүх зүйл дууслаа. Тэгээд ч ээж гээч хүн огт байхгүй ч юм бил үү, чи бид хоёр шал дэмий, хий хоосон зүйлд итгэж байсан ч юм бил үү.
- Үгүй. Бидэнд ээж байх ёстой. Хэрэв байгаагүй байсан бол бид яаж амьдрах байсан юм бэ? Энд яаж ирэх байсан гэж?
- Чи ээжийг огт хараагүй байж яаж ингэж ярьж чадаж байна аа? Магадгүй чи бид хоёр өдийг хүртэл зөвхөн байдаг гэдэгт нь итгэж явсан ч юм бил үү. Яахав дээ. Ээж байдаг гэж бодох нь чи бид хоёрыг тайтгаруулдаг байсан болохоор бид өөрсдөө зохиосон ч байж болно шүү дээ.

Эхийн хэвлий дэх сүүлийн хэд хоногийг ихрүүд ийм маягаар их л ширүүн маргалдаж өнгөрөөжээ. Эцэст нь төрөх хугацаа болж энэ дэлхийд мэндэлжээ. 
 
Ихрүүд энэ дэлхийд мэндлэнгүүтээ баярласандаа болоод уйлж гарчээ. Учир нь тэдний ирсэн ертөнц зүүдэндээ ч төсөөлөхөөргүй тийм сайхан байж гэнэ.

No comments:

Post a Comment