Вальсийг тактандаа 3 цохилттой аянд бүжиглэдэг. Энэ нь хэрэв хөгжмийн цохилт бүр дээр алхалт хийнэ гэвэл такт бүрийг өмнөх тактыг эхэлсэн хөлийн эсрэг хөлөөр эхэлнэ гэсэн үг. Энэ байдал нь эхлэн суралцагсдад маш хүнд боловч гаршсаны дараа сэтгэл хөдөлгөсөн сайхан хэмнэл, нугалааг мэдрүүлдэг.
Вальс хэмнэлтэй анхны бүжиг бол 1559 оны Францын Провенс нутгийн тариачны бүжиг юм. Бүжгийн хөгжим нь Вольта гэгддэг байлаа. Зарим хүмүүс Вольтаг энэ үеийн Италийн ардын бүжиг ч гэдэг. Учир нь Италиар "Volta" гэдэг нь "эргэлдэх" гэсэн утгатай үг юм байна. Энэ мэт дээр үед хосоор эргэлдэн бүждэг байснаас энэ бүжиг үүсчээ. 16-р зууны турш Вольта нь Баруун Европын хаадын ордонд дэлгэрсэн байна. Арбео энэ бүжгийг Гальярд (3/2 хэмнэлтэй)-тай төстэй боловч удаан 6/4 хэмнэлтэй байсан гэж тодорхойлсон байдаг. Үнэн хэрэг дээрээ энэ хоёр хоёулаа 6 цохилтонд 5 алхалт хийдэг байж. Вольтаг хаалттай барилтаар бүжиглэдэг ч эмэгтэй нь эрэгтэйн зүүн талд явдаг байв. Эрэгтэй бүсгүйг бэлхүүсээр нь барихад бүсгүй зүүн гараараа хормойгоо атгаж, баруун гараа эрэгтэйн мөрөн дээр тавина. Эрэгтэй зүүн ташаагаараа эмэгтэйн баруун ташаан дороос тулж өргөдөг. Вольтаг үзүүлсэн алдартай зураглал бол Английн I Елизабет Лейсэстрийн гүнтэй бүжиглэж байхдаа түүнд өргүүлж буйг дүрсэлсэн тэр үеийн зураг юм.
Вольта нь өнөө цагийн Норвеги вальс хэмээх ардын бүжигтэй төстэй санагддаг. Аливаа эргэлддэг бүжигт бүжиглэгч партнерийнхаа нэг талаас нөгөө талд гарахын тулд ердийнхөөс том алхалт хийх шаардлагатай байдаг. Норвеги вальсанд эмэгтэйг ийм алхалт хийх үед нь эрэгтэй түүнийг агаарт өргөн тусалдаг онцлогтой.
Вольтад партнерууд дээрх хөдөлгөөнийг хийхдээ бие биенээ их ойрхон тэвэрдэг учир олон хүн үүнийг ёс суртахуунгүй зүйл гэж үздэг байв. Энэ шалтгаанаар XIII Луйс Вольтаг ордонд хийхийг хориглож байжээ.
1754 онд Германд жинхэнэ Вальзенд зориулагдсан анхны хөгжим зохиогдлоо. Вальзен болон Вольтагийн хооронд ямар холбоо байсан нь одоо хэр нь тодорхойгүй байгаа бөгөөд зөвхөн Герман хэлний "waltzen" нь мөн "эргэлдэх" гэсэн үг юм байна.
Арндт 1799 онд бичихдээ: "Бүжиглэгчид урт хормойгоо гишгэхгүйн тулд дээш өргөн, бие биедээ наалдан бүжиглэж байлаа’ гэжээ.
Вальзен мөн л ёс суртахууны шүүмжлэлд өртөж байлаа. 1797 онд Вольфийн бичсэн эмхтгэлд: "Вальзен бол манай үеийнхний бие махбод болон оюун санааны сул талын эх булаг болж байна" гэсэн байдаг.
Тийм хэдий ч энэ бүжиг Венад дэлгэрч, 1807 онд Зум Сперл, 1808 онд Аполло (6000 бүжигчин багтдаг байсан) нэртэй бүжгийн том том заалууд нээгдэв. 1812 онд Вальзен нь Англид Герман вальс нэрээр танил болжээ. Энэ нь томоохон дуулиан болж, Лорд Байрон анх түүнийг үзмэгцээ "Биерхүү жентельмен гайхам сайхнаар эргэлдэн бүжих нь чинжаал хутган дээр буусан цох хорхой мэт" хэмээн дуу алдсан байдаг.
19-р зууны туршид энэ бүжгийн хэв маяг тогтворжин, цаашдаа Жозеф болон Иохан Штрауссын хөгжмөөр баяжин түгэн дэлгэрчээ.
Одоогийн Венийн вальс нь минутад 180 орчим цохилттой, энгийн эргэлт, эсрэг эргэлт, солих алхалт, байрандаа хийх эргэлт, огцом зогсох (контрачек) гэсэн хязгаарлагдмал хүрээний хөдөлгөөнүүдтэй бүжиг болсон байна.
No comments:
Post a Comment